images

ХЯТАД РУУ ЗОРЧИХОД ПСР ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БОЛ МОНГОЛ РУУ НЭВТРЭХЭД АСУУМЖ БӨГЛӨНӨ

Мэдээ, мэдээлэл

2023-01-04

245

Замын-Үүд-Эрээний автозамын боомтын зорчигч, тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны ням гаригийн 08.00 цагт нээнэ. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө.

Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

Хятад улс руу зорчихоос 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, сөрөг хариутай байх. ПСР шинжилгээний хариу эерэг гарсан болон халуурах шинж тэмдэгтэй бол Хятадын тал хилээр нэвтрүүлэхгүй.

Хятадын гаалийн хорио цээрийн апплейкшныг утсандаа татах эсвэл цаасан хэлбэрээр урьдчилан бөглөсөн байх ёстой.

Эхний ээлжинд автобусаар 300 зорчигчийг хилээр нэвтрүүлнэ. Цаашид зорчих иргэдийн тоог 500-1 000 хүргэж нэмэгдүүлэхээр хоёр тал ярилцсан байна. Хятадын талаас манай улсын иргэдийг байрлуулах 22 зочид буудлын нэр, үнийн саналыг ирүүлээд байгаа аж.

Мөн 01 дүгээр сарын 08-ны өдрөөс  8-аас доош суудалтай 20 тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд цаашид энэ тоог нэмнэ. Ингэхдээ тээврийн хэрэгсэл нь Хятадын тээврийн хэрэгслийн стандарт, байгаль орчны шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд Хятадын талаас УАЗ-469 машиныг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгджээ.

БНХАУ-аас Монгол Улс руу зорчих хятад иргэд эрүүл мэндийн асуумжийг бөглөж нэвтэрнэ. Харин ачааны хувьд өдөрт тэвштэй болон тавцан чиргүүлтэй 100 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна.

ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд: Монгол-Оросын хилийн боомтуудаар ОХУ-ын иргэд манай улсад чөлөөтэй зорчиж байгаа. Энэ хүмүүс эрүүл мэндийн асуумж бөглөөд хилээр орж ирж байгаа. Яг үүнтэй адил Хятад иргэд Замын-Үүдийн боомтоор манай улсад орж ирэхдээ эрүүл мэндийн асуумж бөглөнө.

Засгийн газрын тогтоолоор манай улс цар тахлын бүх хорио цээрээ цуцалсан. Агаар болон автозамын бүх боомтоор гадаадын иргэдийг хорио цээрийн хязгаарлалтгүй хүлээж авч байгаа. Ингэснээр зорчих хөдөлгөөн нэмэгдэж, эдийн засагт ач холбогдолтой гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээллийн эх сурвалж: http://www.shuud.mn/a/546182


тагууд: мэдээ