images

ХАНГИЙН ТӨМӨР ЗАМЫГ МАРГААШ НЭЭНЭ

Мэдээ, мэдээлэл

2022-11-24

146

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг маргааш нээнэ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар, УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.

Ернхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард тус төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын хугацаанд ашиглалтад оруулж, төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн боллоо.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтыг 1956 онд байгуулснаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь том гарцтай боллоо. Энэхүү төмөр зам нь Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар болж байгаагаараа онцлог.

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг ашиглалтад оруулснаар импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэнэ. Мөн дэлхийн зах зээлд хүрэх тэвэр 242 км-оор богиносч, тээврийн өртөг, хугацаа нэмэгдэнэ.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

Тус төмөр зам нь 1520 мм царигтай, 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолтын системтэй зам юм. Төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд "Монголиан транс лайн" ХХК болон "Монголиан транс ложистик" ХХК-ийн нэгдэл хийж гүйцэтгэжээ.

Мэдээллийн эх сурвалж: http://itoim.mn/article/8sgB6/35715


тагууд: мэдээ