"ДЭЛХИЙН МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨН-II" ИСТАНБУЛ ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Истанбул хотноо Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран “Дэлхийн монгол хэл, соёлын багш нарын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн-II” олон улсын арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНТУ-ын Үндэсний боловсролын академийн Истанбул дахь Сургалт, хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд АНУ, Австрали, Швед, Герман, Турк, Бельги, Чех, Швейцарь, Испани, Япон, БНСУ зэрэг орны Монгол сургууль, холбоо, сургалтын төвүүдийн багш нар, мөн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, СУИС-ийн эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 60 орчим төлөөлөгч оролцож, монгол хэл, соёлын сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Жавзандулам үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал О.Шинэбаяр нар мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хурал, зөвлөгөөн нь хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн өв хэл, соёлын боловсролын талаарх судалгааг өргөжүүлэх, олон хэлний орчинд монгол хэл заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцсон ач холбогдолтой байв.
Хурлаар хэлэлцүүлсэн илтгэл, судалгааны өгүүллүүдийг БСҮХ-ийн "Боловсролын судалгааны Монголын сэтгүүл"-д тусгай дугаар болгож хэвлэх юм.
Мөн дээрх ЭШХ-ын үеэр тус ЕКГ-ын дэмжлэгтэйгээр Истанбул хотод үй ажиллагаа явуулж буй "Монгол хүүхдүүдэд ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтын төв"-д монгол хэлний дөрвөн чадварыг хөгжүүлэх үзүүлэх хичээл, хэлэлцүүлгийг зохион байгуулав.