images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.АНХБАЯР ЭДРЭМИТ ХОТОД АЖИЛЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-06-29

20

Ерөнхий консул Д.Анхбаяр Балыкэсир аймгийн Эдрэмит хотод зохион байгуулагдсан "Антандрос" олон улсын II фестивальд урилгаар оролцож ажиллав. Энэ хүрээнд Эдрэмит хотын дарга Мехмет Эрташтай уулзаж, Монгол, Туркийн орон нутгийн хамтын ажиллагаа, соёл, аялал жуулчлал, худалдааны харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Хотын дарга Эрдэнэт хот болон Эдрэмит хотуудын эгч дүүгийн харилцааг идэвхжүүлэх, 2027 онд тохиох Эдрэмит хотын 150 жилийн ойн арга хэмжээнд Эрдэнэт хотын төлөөлөгчдийг урьж оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн Ерөнхий консул Д.Анхбаяр Эдрэмит хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочилж, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцан, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

"Антандрос" олон улсын II фестивалийн үеэр Монгол Улсыг сурталчлах асар ажиллуулж, Монголын түүх, соёл, аялал жуулчлалын боломжийг танилцуулахаас гадна Турк Улсад суралцаж буй монгол оюутнууд үндэсний урлагийн тоглолтоо толилуулж, Монгол Улсын аялал жуулчлалын "Go Mongolia" үндэсний брэндийг сурталчлан оролцов.