images

“Чингис хааны удмынхны Анатолийн хойгт үзүүлсэн нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Истанбул хотноо амжилттай зохион байгуулагдав

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-05-14

111

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ил хаант улс байгуулагдсаны 770 жилийн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мармарагийн Их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнтэй хамтран “Чингис хааны удмынхны Анатолийн хойгт үзүүлсэн нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Истанбул хот дахь Мармарагийн Их сургуульд амжилттай зохион байгуулав. 

Тус хуралд БНТУ-ын хэл, түүх, соёлын салбарын тэргүүлэх 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, Анатолийн хойгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг, үзүүлсэн нөлөөний талаар нийт 28 илтгэл хэлэлцүүлэв.

Хурлын үеэр оролцогч эрдэмтэн судлаачид монголчуудын байлдан дагууллын үед зарим хот, суурин эвдэрч сүйтгэгдсэн хэдий ч үүний дараагаар, тэр дундаа Ил хаант улс байгуулагдсанаар бүс нутагт улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, уран барилга, дурсгалын бунхнуудын архитектурын онцлог зэрэг олон салбарт шинэ хөгжил дэвшил, өөрчлөлт нь РАХ MONGOLICA-гийн хүрээнд өрнөснийг түүхэн эх сурвалжид тулгуурлан онцлон тэмдэглэсэн нь онцгой ач холбогдолтой байв.

Мөн тус эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг монгол болон турк хэлээр ном болгон хэвлэн нийтлэж, олны хүртээл болгох ажлыг тус Ерөнхий консулын газар эхлүүлэн ажиллаж байна.


Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар