images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-07-04

78

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа.

Монгол Улс “гуравдагч хөрш”, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгмийн бүх салбарт гүнзгийрүүлэх, харилцааны түншлэлээ ахиулахыг эрмэлзэж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа онцоллоо.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, энэ хүрээнд өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд гурав дахин өссөн бөгөөд шууд нислэг тогтмолжиж, нислэгийн тоо ч нэмэгдсэн нь иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд чухал түлхэц болж байна.