images

ЦАХИМ ВИЗИЙГ 99 ОРНЫ ИРГЭДЭД ОЛГОНО

Мэдээ, мэдээлэл

2023-04-04

295

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ) цахим виз олгох улс орнуудын жагсаалтыг шинэчлэн, 99 орны иргэдэд цахим виз олгохоор боллоо.

ГИХГ дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр төлөх дансыг мөн шинэчлээд байна.

ГИХГ-ын дарга Н.Ууганбаярын мэдээлснээр, цар тахлаас өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар гадаадын 230 мянга гаруй иргэн аялал жуулчлалаар, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг гэсэн тооцоо бий.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцүү хэмжээний буюу гадаадын 100 мянга орчим хүн Монгол Улсад оршин суух боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 16 мянга орчим иргэн оршин сууж байна. Үүнээс 1600 гаруй нь хөрөнгө оруулах зорилгоор оршин сууж байгаа юм.

Гадаадын иргэн Монгол Улсын виз мэдүүлэхээс эхлээд оршин суух зөвшөөрөл авах хүртлээ ГИХГ-т өөрийн биеэр 5-6 удаа очдог байсан бол одоо хуулийн өөрчлөлт, цахимжуулалтын дүнд хүндрэл чирэгдлийг багасгажээ.

Мэдээллийн эх сурвалж: http://hardnews.mn/57875/


тагууд: мэдээ