УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН ЕВРАЗИЙН ПАРЛАМЕНТЫН СПИКЕРҮҮДИЙН III ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болж буй “Евроази дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, тогтвортой хөгжил” сэдэвт Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Г.Солтан нар оролцож байна. Чуулга уулзалтад нийт 37 орны 700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсний дотор Евразийн бүс нутгийн 35 улсаас 32 парламентын дарга, дэд дарга оролцож байна.
Спикерүүдийн чуулга уулзалтыг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга нар санаачилж, анхдугаар уулзалтыг 2016 онд Москвад, хоёр дахь уулзалтыг 2017 онд Сөүл хотноо тус тус зохион байгуулжээ. Энэ удаагийн чуулга уулзалтын хуралдаанууд “Еврази дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, тогтвортой хөгжил” гэсэн сэдвийн хүрээнд болж буй бөгөөд зохион байгуулагч болон санаачлагч хоёр улсын парламентын дарга нар удирдан явуулж байна. Байгаль орчин, эдийн засгийн хөгжлийн сорилтуудыг даван туулж, дэлхийн эдийн засгийг улам үр ашигтай болгон, тогтвортой хөгжлийг хангахын тулд дэлхийн улс орнууд яриа хэлцээ тасралтгүй хийж, хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс Евразийн орнуудын парламентчид эдгээр асуудлын хүрээнд хэрхэн хамтарч ажиллах, хэтийн зорилгоо юунд чиглүүлэхээ хэлэлцэж байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан аравдугаар сарын 9-нд болсон хуралдаанд үг хэллээ. Тэрбээр “Улс орнууд эдийн засгийн хүндрэл бэрхшээл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтуудтай тулгарсаар байна. Энэхүү чуулга уулзалт нь эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бүсийн хэмжээнд хамтран ажиллахад парламентчдад түлхэц үзүүлэхээс гадна Евразийн түншлэлийн нэг гол механизм болох учиртай тул цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хоорондох худалдааны саад тотгорыг багасгах, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог сайжруулах чиглэлээр төр, засгаас хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, талуудын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг дурдав.
Түүнчлэн НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурал 2016 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаарх бодлогын баримт бичгийг баталж, уг асуудлыг эрхлэх Дэд хороог үндэсний парламентдаа байгуулсан, мөн байгаль орчны сорилтуудыг даван туулах зорилгоор Үндэсний ногоон хөгжлийн бодлогыг баталсныг мэдээлээд, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан зохион байгуулагч БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Бинали Йылдырым, санаачлагч ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Мүн Хи Сан нартай уулзаж, хоёр талын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.