МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНБОЛД ТУРК УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалынхаа эхний өдөр БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээнд Монголын талаас Элчин сайд Р.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Г.Солтан, Б.Пүрэвдорж нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Ноён И.Кахраман “Тодорхой шалтгааны улмаас хэсэг хугацаанд удааширсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хоёр талаас ихээхэн хүчин чармайлт тавьж байна. Энэхүү хэлэлцээний үеэр ноён УИХ-ын дарга бид хоёрын гарын үсэг зурах хоёр парламент хоорондын хамтын ажмллагааны протоколыг хэрэгжүүлэх бичиг баримт, хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг нь харилцааг шинэ шатанд гаргахад чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд:
Хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тиймээс зөвхөн парламентын дарга, дэд даргын айлчлалаар хязгаарлалгүйгээр парламентын бүлэг, Байнгын хороод, гишүүд, Тамгын газар, ажилтнууд харилцан зочилж, ажил хэрэгч уулзалт ярилцлага тогтмол зохион байгуулж, бие биенийхээ туршлагыг судалж, мэдээлэл солилцож байх нь чухал юм гэж хэллээ.
Мөн хоёр орны батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, үүний тулд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын харилцан итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгоход чиглэсэн бизнес уулзалт, форум семинар зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал юм хэмээн тэмдэглэлээ.
Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга И.Кахраман нар “Хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Жүлиде Сарыеролу нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрээр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон Монголд буй турк иргэд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс