images

МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2015-05-26

239

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмазтай Истанбул хотноо уулзаж ярилцав.

Сайд Ц.Цолмон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид Туркт суралцах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөтгөх, Туркээс манай зэвсэгт хүчинд үзүүлж буй буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн сайд Ц.Цолмон Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн даргын хувьд Хархорины нисэх буудлыг шинэчлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг туркийн талаас хүсэв. Сайд Исмет Иылмаз Туркт суралцах Монголын цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх боломжтойг дурьдаад, манай зэвсэгт хүчинд үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэхээ илэрхийлэв. Мөн Хархорины нисэх буудлыг шинэчлэх төсөл, тооцоог хийж туркийн талд өгөхийг зөвлөв.

Сайд Ц.Цолмон Истанбул хотод нээгдсэн Олон улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнг үзэж, Монголд цэргийн бүтээгдэхүүн нийлүүлдэг зарим компанийн удирдлагатай уулзаж ярилцав.

Сайд Ц.Цолмон, Исмет Иылмаз нар Батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.

Уулзалт болон гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг, Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар болон Батлан хамгаалах яамны албаны бусад хүмүүс оролцов.