Л.ПҮРЭВСҮРЭН, МЕВЛҮТ ЧАВУШОЛУ НАР ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 11-13-нд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын төлөв байдлын талаар өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Түүнчлэн “Дипломатын сургалт, баримт бичиг болон мэдээлэл солилцооны чиглэлээр хамтран ажиллах тухай хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монголын эдийн засгийн тодорхой салбаруудад Туркийн хөрөнгө оруулалтыг түлхүү оруулахын төлөө байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахаа харилцан нотоллоо.
Сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд, Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй түвшинд хадгалах, иж бүрэн түншлэлийн харилцаагаа бататган бэхжүүлж, цаашид стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхэд Туркийн Гадаад хэргийн сайдын түвшний энэхүү айлчлал чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна хэмээв.