images

"ГАШУУНСУХАЙТ, ХАНГИ ЗЭРЭГ ДӨРВӨН БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ХЯТАДТАЙ ХОЛБОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО"

Мэдээ, мэдээлэл

2022-12-07

197

Засгийн газраас хилийн боомтуудын төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох ажлын техникийн нөхцөлийг бий болгох, зураг төслийг хийх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргажээ.

           Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт "Монгол Улс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганц төмөр замаар олон улстай холбогддог байсан. Өнгөрсөн есдүгээр сард Гашуунсухайт, арваннэгдүгээр сард Ханги-Мандалын төмөр замыг хил хүртэл барьсан. Эдгээр шинэ төмөр замыг Хятадын төмөр замтай холбож байж ачаа барааг хүссэн хэмжээгээрээ тээвэрлэх юм. Хэдийгээр төмөр зам барьсан ч Хятадын төмөр замтай холбоогүй байгаа. Энэхүү холболтыг хийсний дараа уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хэмжээ 30 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

           Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Шивээхүрэн, Арцсуурийн чиглэлийн төмөр замыг барих, холболтын цэгийг тохирох, зүүн чиглэлд Бичигт-Чойбалсан-Хөөтийн төмөр замыг холбох ажлыг хийнэ.

           Өөрөөр хэлбэл Бичигт, Хангийн боомтыг Хятадын төмөр замтай, Гашуунсухайтыг Ганцмодтой, Шивээхүрэнг Сэхээ боомтын төмөр замтай холбоно" гэсэн мэдээллийг өглөө.

           Эхний ээлжид Гашуунсухайт, Ганцмодны боомтын ТЭЗҮ-ийг "Чайна-Энержи" компани хийж байгаа. Ирэх оны эхний улиралд холболтын төсөвт өртөг тодорхой болно.

           Төмөр замын өргөн, нарийн цариг хоёулаа хилийн боомтод баригдана. Нарийн царигаар импортын ачааг оруулах бол өргөн царигаар экспортын бараагаа гаргана. Тодруулбал өргөн цариг нь БНХАУ-ын, нарийн цариг нь Монгол Улсын нутаг руу орж ирнэ гэдгийг хэллээ.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2qmf


тагууд: мэдээ