БНТУ-ын Кониа хотноо “Монголын үеийн Анатолийн хойг хийгээд Исламын ертөнц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Бүгд Найрамдах Турк Улсын Кониа хот дахь Сельжүк их сургуулийн Сельжүк судлалын хүрээлэнгээс “Монголын үеийн Анатолийн хойг хийгээд Исламын ертөнц: Том үйл явдал, Их хүмүүн, Их эргэлтийн зуун” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Кониа хотноо зохион байгуулж байна. Тус хуралд дэлхийн 10 гаруй орны 63 эрдэмтэн, судлаачид оролцож, хоёр өдрийн турш Монголын эзэнт гүрэн, тэр дундаа Ил хаант улсын үеийн Анатолийн хойг болон Исламын ертөнцөд үзүүлсэн нөлөө, түүхэн ач холбогдлын талаар илтгэл хэлэлцүүлж байна.
Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул, доктор Д.Анхбаяр урилгаар оролцож, нээлтийн үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монголчуудын, тэр дундаа Ил хаант улсын үед өнөөгийн Анатолийн хойгт улс төр, эдийн засаг, соёлын салбарт олон эерэг өөрчлөлт гарсныг дурдаад, судалгааны үр дүнг Туркийн олон нийтэд, тэр дундаа ерөнхий боловсролын сургалтын ном, материалд тусгах боломжийг хөндөв.
Сельжүк их сургуулийн Сельжүк судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Мустафа Демиржи хэлсэн үгэндээ тус санаачилгыг дэмжин ажиллах нь зүйтэйг дурдаад, Монголын эзэнт гүрний үеийн Исламын ертөнцөд олон эерэг дэвшил гарч, өнөөгийн хэлбэрээ олсон тухай дүгнэлтээ танилцуулан, цаашид үүнийг Исламын түүх бичлэгт үзэл баримтлал болгон үргэлжлүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлов. Нээлтийн хуралдааны үеэр Сельжүк их сургуулийн удирдлагад Монголын соёл, ахуйг харуулсан бэлэг дурсгалын зүйл гардуулав.