48 ДАХЬ УДААГИЙН "ДАКАР РАЛЛИ" УРАЛДААНЫ МОТОЦИКЛИЙН ТӨРӨЛД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ерөнхий консул Д.Анхбаяр 48 дахь удаагийн "Дакар ралли" уралдааны мотоциклийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Эрдэнэбилэгийн Халиунболд, олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Мөрөн нарыг Ерөнхий консулын газарт хүлээн авч уулзан баяр хүргэв.
Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд 48 дахь удаагийн “Дакар Ралли” тэмцээний 13 гараа бүхий уралдааны нийлбэр дүнгээр ТОП 20 дотор багтаж 16 дугаар байрт, Ралли-2 төрөлд 6 дугаар байрт шалгарч түүхэн амжилтын эзэн боллоо. Мөн “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчны 3 дугаар байрт шалгарч тусгай шагнал хүртсэн. Э.Халиунболдын энэ амжилт нь Монголын дээд рекорд төдийгүй Ази тивд ч дээгүүр орох түүхэн амжилт гэдгийг Ралли Рейдийн аналистууд онцолжээ.
Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 29, Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарсан амжилтаар 48 дахь удаагийн “Дакар ралли”-г өндөрлүүллээ. П.Мөрөн өмнөх онд зохион байгуулагдсан “Дакар ралли-2025” уралдаанд 135 тамирчнаас 76 дугаарт шалгарч байсан бол энэ онд амжилтаа 47 байраар ахиулсан амжилт үзүүлжээ.