images

МОНГОЛ, ЛАОС, ХЯТАДЫН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭГ БАЙГУУЛАХАД ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАХААР ТОХИРОЛЦЛОО

Мэдээ, мэдээлэл

2022-09-04

183

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаситтай албан ёсны хэлэлцээ хийсэн үр дүнгээ танилцууллаа.

Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд, Лаос улсын ерөнхий сайдын түвшинд 20 жилийн дараа хэрэгжиж байгаагаа энэхүү айлчлал онцлог болохыг ГХ-ны сайд Б.Батцэцэг дурдав.

Хоёр улсын гадаад хэрэг эрхэлсэн сайд нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд 2022-2027 онд оюутан солилцох санамж бичгийг БШУЯ болон БНАЛАУ-ын Боловсрол, спортын яам хооронд байгуулав.

Албан ёсны хэлэлцээ бүтээлч найрсаг халуун дотно уур амьсгалд ,үр дүнтэй болсныг тэмдэглээд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэлцээг дүгнэн дараах мэдээллийг өглөө.

Монгол Улсын Ази Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн Өмнөд Азийн орнуудтай хөгжүүлсэн гадаад харилцаа хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. АСЕАН-ы гишүүн улс Лаостой уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёлын болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахад санал нэгдлээ. Энэ хүрээнд Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааныг ирэх арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Вьентьян хотноо зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал нэгдэж, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын БХЯ хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсын "Алсын хараа 2050" урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг Лаос улсын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр логистик, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт үр ашигтай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцлоо.

Хоёр улсын эдийн засгийн ижил төстэй бүтцэд тулгуурлан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл түүний дотор органик хоол хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хамтрах, ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүнийг худалдааг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, ажиллахаар тогтлоо.

Далайд гарцгүй боловч БНХАУ-тай төмөр замаар шууд холбогддог тул Монгол, Лаос, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд транзит тээврийн хэлэлцээг байгуулах чиглэлд хүчин чармайлт гарган ажиллахаар тохиролцлоо.

БНАЛАУ-д байгуулагдсан Монгол Лаосын Найрамдал эмнэлэгт тусгай нарийн мэргэжлийн эмч сувилагч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж, харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцлаа.

Манай улсын "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг Лаосын тал дэмжиж, ой моджуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.

БНАЛАУ нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглээд түүний үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо гэв.

"Хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байна" гэдгийг ГХ-ны сайд Б.Батцэцэг төгсгөлд нь хэлэв.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2nnw


тагууд: мэдээ