images

БНХАУ-Д ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Мэдээ, мэдээлэл

2024-03-21

306

БНХАУ-ын хилээр нэвтрэх /орох, гарах/ үед зорчигчдын биедээ авч явах ачаа тээш, эд зүйлс 30 кг хүртэл байх ба БНХАУ-ын гаалийн байгууллагаас дараах шаардлагыг тавьж, шалган нэвтрүүлж байна. Үүнд:

Бэлэн мөнгө. 20,000 юаниас хэтэрч болохгүй. Хэтэрсэн тохиолдолд Гаалийн мэдүүлэг бөглөж, мэдүүлэх шаардлагатай.

Эд зүйл. 30 кг тээшинд зөвхөн өөрийн хэрэглээний зүйлсийг авч явахыг зөвшөөрөх бөгөөд хэрэглээнээс хэтэрсэн, овор ихтэй ачааг тусад нь карго тээврээр нэвтрүүлнэ. 2000 юаниас доош үнийн дүнтэй эд зүйл татвараас чөлөөлөгдөнө. Тоо хэмжээ болон үнийн дүнгээс хэтэрсэн тохиолдолд БНХАУ-ын гаальд сайн дураараа мэдүүлж, өөрийн хэрэглээний гэдгийг батална, батлаагүй тохиолдолд татвар ноогдуулагдана.

Архи тамхины хязгаар

Зорчигчийн төрөл

Энгийн тамхи

Цахилгаан тамхи

Архи

Богино хугацаанд олон удаа орж гарах зорчигч

Янжуур тамхи 40 ширхэг /2 ш. хайрцаг/, эсвэл сигар 5 ширхэг, эсвэл дүнсэн тамхи 40 гр

1 тамхины хэрэглэл, шингэрүүлсэн тамхины бэлдэц 1 ширхэг, нийт хэмжээ 2 мл.

Татваргүй оруулах эрх байхгүй.

Бусад зорчигч

Янжуур тамхи 400 ширхэг /20 ш. хайрцаг/, эсвэл сигар 100 ширхэг, эсвэл дүнсэн тамхи 500 гр

2 тамхины хэрэглэл, шингэрүүлсэн тамхины бэлдэц 6 ширхэг, нийт хэмжээ 12 мл

12 градусаас дээш спиртийн агууламжтай архи 2 шил /1.5 литрээс бага/

 АНХААРУУЛГА. 16 нас хүрээгүй зорчигч архи, тамхи авч явахыг хориглоно. Ямар нэг хаяг шошгогүй тамхи, цахилгаан тамхи хилээр оруулахыг хориглоно.

Буу, сум, дуураймал буу, хар тамхи, соёлын эд өлгийн зүйл, зааны яс болон ховор ан амьтны эд эрхтнээр хийсэн зүйл, амьд амьтан, жимс ногоо, түүхий өндөг, тамхины навч, цусан бүтээгдэхүүн, эмийн ургамал, алт гэх мэт үнэт металл болон түүгээр хийсэн эд зүйл хилээр орох гарахыг хориглосон эд зүйлд хамаарна.

            Аливаа тоног төхөөрөмж, машины дугуй, сэлбэг хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн чанартай багаж төхөөрөмжийг зорчигчийн гарцаар нэвтрүүлэхийг хориглодог.

Манай улсын иргэд мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг оролдох, мэдүүлэх шаардлагатай бэлэн мөнгийг мэдүүлээгүйгээс хураалгахаас гадна нэмж торгууль төлөх тохиолдол элбэг байна.

Хар тамхи, сум, нэн ховор ан амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хууль бусаар тээвэрлэсэн тохиолдолд хэмжээ харгалзахгүйгээр БНХАУ-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах хүртэл ял ноогдуулдгийг анхаарах хэрэгтэй.

 

                                                  Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар


тагууд: мэдээ