Дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох тухай төслийг УИХ-д өргөн мэдүүлэв
Ерөнхий консулын газрын мэдээ
2018-01-26
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр (2018.01.25) “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлсэн. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай. Өдгөө 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.
1. Бүгд Найрамдах Жибути Улс, 2. Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, 3. Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, 4. Белиз Улс
Эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
|