Истанбул хот дахь ерөнхий консул ажилдаа оров
Истанбул хот дахь ерөнхий консул ажилдаа оров
2014-07-01
Монгол Улсаас БНТурк Улсын Истанбул хотод суух Ерөнхий консул Энэбишийн Мөнх-Очирт консулын экзекватур гардуулах ёслол энэ сарын 18-нд БНТурк Улсын ГХЯ-нд болов.
Тус яамны Консулын газрын ерөнхий захирал, Элчин сайд Мехмет Самсар экзекватур гардуулсны дараа Ерөнхий консул Э.Мөнх-Очиртой хоёр улсын консулын харилцааны асуудлаар ярилцаж, шинээр байгуулагдаж байгаа Ерөнхий консулын газартай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэн ажлын амжилт хүсэв. Ийнхүү Истанбул хотод суух Монгол Улсын анхны ерөнхий консул ажилдаа албан ёсоор орлоо.
Уг ёслол, уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцож, ирэх 5 дугаар сард болох Туркийн Гадаад хэргийн сайд А.Давутолугийн Монголд хийх айлчлал, Улаанбаатарт болох Монгол, Туркийн ГХЯ-дын консулын зөвлөлдөх уулзалтыг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцаж, санал солилцов.
2014 оны 4 дүгээр сарын 11-нээс Монгол, Туркийн иргэд 180 хоногийн дотор 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих болсон нь найрсаг харилцаатай хоёр ард түмний хооронд шууд хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, бизнес, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг хоёр тал сэтгэл ханамжтай тэмдэглэв.
Эдүгээ Турк улсад Монголын 2200 гаруй иргэн байгаагаас 1500 орчим нь Истанбул хотод оршин сууж байна. Истанбул хотод манай улсын Ерөнхий консулын газар байгуулагдахаас өмнө Монгол Улсын Өргөмжит консул, Туркийн иргэн, ноён Фахреттин Арман Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалан идэвх зүтгэлтэй ажиллаж байсан юм.