ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ

2024-08-14


Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс нь түүх, соёлын хэлхээ холбоотой, ах дүүгийн харилцаатай, манай “Гуравдагч хөрш” - Бүгд Найрамдах Турк Улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хоёр талын иж бүрэн түншлэлийн харилцааг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энэ 2024 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна.

Манай Ерөнхий консулын газар нь 2014 онд байгуулагдсан бөгөөд консулын тойрогт Туркийн Истанбул, Эдирнэ, Киркларели, Кожаели, Текирдаа, Ялова гэсэн мужууд багтдаг.

Миний бие 2024 оны 4 дүгээр сараас Ерөнхий консулын үүрэгт ажилдаа орсон бөгөөд манай хамт олон Бүгд Найрамдах Турк Улстай харилцах харилцааг эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, консулын тойрогт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийнхээ үүсгэн байгуулсан холбоо, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зэрэг чиглэлийг эрхэм зорилгоо болгон үйл ажиллагаагаа явуулж байна.

Танд манай Ерөнхий консулын газрын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Манай цахим хуудсаар зочилсон Танд талархал илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,
Ерөнхий консул Д.Анхбаяр