Гэрлэлтийн бүртгэл

КГ нь БНХАУ-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, КГ-т заавал өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:

1. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар гэрлэхийг хүсэгчдээс КГ-ын нэр дээр хамтран гаргасан өргөдөл (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн БНХАУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, хоёулаа гарын үсэг зурсан байна)

2. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу):

3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

4. Гэрлэхийг хүсэгчдийн гадаад паспортын зурагтай болон визтэй хуудасны хуулбар

5. БНХАУ-д хэрэглэж буй ID Card/жолооны үнэмлэхний хуулбар

6. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэр бүлтэй байсан бол гэрлэлтээ цуцлуулсан болохыг нотолсон лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай.

7. Үйлчилгээний төлбөр

Жич: КГ гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15маягт /Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 265 тоот тушаалаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай.

Зар сурталчилгаа