Монгол, Түркийн харилцаа

Түркүүд өөрсдийгөө Хүннүгээс гаралтай, чоно шүтлэгтэй хэмээн үздэг. МЭӨ III зуунд Хүннү гүрний бүрэлдэхүүнд түрэг хэлтэн байсан. МЭ 48 онд Хүннү гүрэн өмнөд, умард болон хуваагдаж 92 онд мөхсөн бөгөөд Умард Хүннүгийн удирдагч Жижиг шаньюй баруун зүг нүүдэллэсэн нь түрэг аймгуудын өвөг болсон. Монгол нутагт үлдсэн түрэг аймгууд Сяньби, Жужан улсын дараа хүчирхэгжиж 552-840 онд төр улсаа байгуулж байсны ул мөр Орхоны хөндий дахь Билгэхан, Культигиний болон Налайх дахь Тонюкикийн дурсгал зэрэг 200 орчим дурсгал үлджээ.

Монгол, түрк хэл нь алтай-урал хэлний аймагт багтдаг.

Хоёр улс 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Түрк 1996 онд Улаанбаатарт, Монгол 1997 онд Анкарад ЭСЯ-аа нээсэн.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Түрктэй найрсаг харилцаа хөгжүүлж, эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг нь Монголд бий болгон зохистой түвшинд хүргэх бодлого баримтална гэж заасан. Хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх зорилт тавигдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998, 2004, Ерөнхий сайд М.Энхболд 2006, Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн 1992 онд Түркт, Түркийн Ерөнхийлөгч С.Дэмирэл 1995, А.Н.Сэзэр 2002, Ерөнхий сайд Р.Т.Эрдоан 2005 онд Монголд тус тус айлчилсан.

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах 10 гаруй гэрээ хэлэлцээр байгуулагдсан.

Хоёр талын худалдааны нийт эргэлт 2007 онд 5 сая ам.доллар байсан бол 2008 онд 12 сая, 2009 онд 14 саяд хүрсэн бөгөөд Монголын импорт голлож байна. Түркийн компаниуд Монголд одоогоор 2.4 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Түркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТИКА) Монголд 1994 оноос ажиллан 2002 онд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа байгуулж, Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих, түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн мүзей байгуулах, Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архивыг цахимжуулах, Улаанбаатарт “Монгол, Түркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах зэрэг олон төсөл хэрэгжүүлээд байна. Эдийн засаг, худалдааны засгийн газар хоорондын хамтарсан хороо 1994 онд байгуулагдсан бөгөөд хоёр тал хөдөө аж ахуй, барилга, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчим хүч, уул уурхай, тээврийн салбарт хамтран ажиллах их боломж байгаа.

Түркийн Засгийн газар 1992 оноос монгол оюутан өөрийн зардлаараа сургаж эхэлсэн бөгөөд жил бүр 70 орчим оюутанд тэтгэлэг олгож байна.

Түркт Монголын түүх, соёлтой холбоотой өв дурсгалыг тодруулах ажлыг хийж байгаа бөгөөд одоогоор Рашид-ад-Диний “Судрын чуулган”, монголчуудын ургийн бичиг болон XIII-XIV зууны үеийн Монголын түүх, ялангуяа Илхаант улсын үеийн түүх, соёлтой холбогдолтой эд зүйлс, зураг, ном зохиол Истанбул дахь Түрэг исламын үнэт зүйлсийн мүзей болон Топкапи ордон мүзейд хадгалагдаж байгааг, түүнчлэн Амасья хотын мүзейд Хүлэгү хааны ач, Анатолиагийн захирагч байгаад 1297 онд нас барсан Жумудар, мөн Анатолиаг 20 жилийн турш захираад 1320 онд нас барсан монгол ноён Ишбуга нарын занданшуулсан шарил (муми), Истанбул хотод Абага хааны хатан, Византийн гүнж Мариагийн “Монгол хатны сүм”, Анталья хотод монголчуудын нөлөөтэй гэгддэг Ала-аддин сүм, Эрзүрүм хотод Монголын Илхаант улсын үеийн зарим булш байгааг тодруулаад байна.

Улаанбаатар хот Анкара хоттой, Сүхбаатар аймаг Самсун мужтай тус тус шууд харилцаатай.

Түркийн Измир, Анталья, Самсун хотуудад Монголын өргөмжит консул томилогдон ажиллаж байна.

Зар сурталчилгаа