Улс төрийн харилцаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улс хоорондын хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл

Монгол улс, Бүгд Найрамдах Түрк Улс хоёр орны харилцааг эрх тэгш, харилцан ашигтай байх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох үндсэн зарчим дээр тулгуурлан амжилттай хөгжүүлж ирснийг нотлон шинэ зуунд харилцаагаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллахаар тохиролцов.

Ерөнхийлөгч нар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй, тус хоёр улсад нэн хамааралтай асуудлуудын хүрээнд хоёр улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг НҮБ-ын Дүрэм олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний дагуу улам бүр хөгжүүлэх нь хоёр улсын эрх ашиг, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Талууд дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг хангах, хүн төрөлхтний үнэт зүйлсэд тулгуурласан олон улсын хамтын нийгэмлэгийн ойртон нягтрах үйл явцыг урагшлуулах үүднээс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа санал нэгтэй мэдэгдэж, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад улс орнуудын хамтын хүч чармайлт, улс төр, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл чухал үүрэгтэйг цохон тэмдэглэв.

Талууд монгол, түркийн ард түмний өнө удаан жилийн түүхэн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов.
Хоёр тал Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улсын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1995 оны гэрээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, ирэх он жилүүдэд ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны хүрээнд бэхжүүлэхэд баттай үндэс суурь болсон хэвээр байхыг нотлов. Талууд энэ жил болох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр тал харилцаагаа бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дахин илэрхийлж, төр, засаг, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

Талууд хоёр улсын яамд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэхийн хамт энэхүү хамтын ажиллагааг цаашид боломжтой бүхий л салбарт өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэв.
Хоёр тал худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоо байгааг тэмдэглээд, энэ талаар байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх үүднээс үр өгөөжтэй, идэвхтэй арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэв. Тэд эдийн засаг, худалдааны  хамтарсан хорооны хуралдаан нь энэ салбарын харилцааг хөгжүүлэх гол хөшүүрэг хэмээн үзэж байгаагаа тэмдэглэн, Монгол, Түркийн бизнесийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан тохиролцов.
Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа болон нийгмийн харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд тээвэр, холбооны салбар дахь хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Талууд сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын салбарт хөгжиж буй хамтын ажиллагааг урагшлуулахад ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Түркийн тал Монгол улсын цэргийн салбарын шинэтгэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ дахин илэрхийлэв.
Хоёр тал соёл боловсрол, эрдэм шинжилгээний салбар дахь солилцооны хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв.
Түркийн их дээд сургуулиуд болон Цагдаагийн академид Монголын оюутан залуус суралцах боломж олгож байгаад сэтгэл хангамжтай байгаагаа монголын тал тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Талууд боловсролын салбарт харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа алхмууд нь хоёр ард түмний хоорондын түүх, соёлын хэлхээ холбоог улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг нотлов.
Түркийн тал ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих явцдаа Монгол Улсын олж байгаа амжилтыг өндрөөр үнэлж, дэлхийн нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх талаар Монгол улсын тавьж буй хүч чармайлтыг цаашид үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.
Түркийн тал 2003 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын тавдугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, тус бага хурлаас баталсан Улаанбаатарын тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийг  хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Европын Холбоонд элсэх чиглэлээр Түркээс гаргаж буй хүчин чармайлтыг монголын тал өндрөөр үнэлэн амжилт хүсэхийн зэрэгцээ Түрк энэхүү байгууллагын гишүүн болсноор энх тайван, улс түмний аюулгүй байдал, тогтвортой хөгжилд улам илүү хувь нэмэр оруулна хэмээн итгэж байгаагаа илэрхийлэв.
Олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжсэн Киприйн асуудлыг иж бүрэн зохицуулах хэлэлцээр бүтээгүйд, улмаар онцгой чухал боломж алдагдсанд хоёр тал харамсаж байна. Талууд Киприйн туркчүүдийн хийсэн зоримог алхамд баяр хүргэж, Киприйн хоёр тал нэг нь нөгөөгөө төлөөлөхгүй учир Киприйн турк ард түмнийг олон улсын хамтын нийгэмлэгт оруулахын тулд ганцаардмал байдлыг нь эцэс болгоход чиглэсэн хүч чармайлт тавих хэрэгтэй гэж үзэж байна.
Монголын тал Түркээс Монголд техникийн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд Түркийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ТИКА)-гаас Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүдийн ач холбогдлыг цохон тэмдэглэв.
Талууд монгол, түркийн ард түмний олон зуун жилийн ах дүүгийн хэлхээ холбооны гэрч болж буй Билгэ Хаан, Култегин, Тоньюкукийн хөшөө дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлах хамтарсан төсөл нь хоёр ард түмний хооронд тогтсон шинэ харилцааны хамгийн чухал билгэ тэмдэг болж байгааг илэрхийлээд, энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээ нотлов.

“Монгол дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалууд” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд монголын талаас дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа түркийн тал илэрхийлэв.
Хоёр тал Хархорин болон Орхоны хөндий дэх суурин газрууд хоорондын авто замын судалгааны ажлыг эхлүүлэх болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд улс төрийн яриа хэлэлцээг өрнүүлэх, хоёр талын харилцаа болон бүс нутаг, олон улсын асуудлаар харилцан санал солилцох зорилгоор өндөр дээд хэмжээнд харилцан айлчлах явдал тогтмолжиж байгааг сэтгэл ханамжтай тэмдэглэв.
Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 2009-2010 оны суудалд нэрээ дэвшүүлж буй тус хоёр улс бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон нь олон улсын байгууллагын хүрээнд хөгжүүлж буй хоёр улсын хамтын ажиллагаанд нэг чухал алхам болно гэж үзэж байна.
Хоёр тал Элчин сайдын яамдаа харилцан нээсэн явдал нь харилцааг идэвхжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд Элчин сайдын яамдын газар болон байрны асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх талаар ажиллахаар тохиролцов.
Талууд Ази тивд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, тус тивийн орнуудын хооронд олон талт хамтын ажиллагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлоод бүс нутгийн хамтын ажиллагаа, түүнчлэн Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх асуудлаарх зөвлөлдөх уулзалтын хүрээнд явагдаж буй үйл ажиллагаа энэ үйлсэд нааштай хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улс терроризмын бүх хэлбэр, илрэлийг хатуу буруушааж, терроризмыг зөвтгөх улс төр, гүн ухаан, үзэл суртал, шашин шүтлэг, арьс өнгөний болон бусад ямар ч шалтгаан байх ёсгүй гэсэн байр сууриа нотлов. Хоёр тал НҮБ–ын Аюулгүйн зөвлөлийн 1373 тоот тогтоолыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, олон улсын терроризмын эсрэг хамтран ажиллахаа нотлов.

Хоёр тал иракийн ард түмэнд бүрэн эрхийг нь шилжүүлэн өгөх, Иракт ард түмний төлөөллийг зүй ёсоор хангасан удирдлагыг цогцлон байгуулахын чухлыг цохон тэмдэглэж, энхийг эрхэмлэсэн, ардчилсан Иракийн сэргээн босгох талаар олон улсын хамтын нийгэмлэгээс тавьж буй хүч чармайлтыг нэмэгдүүлэх, энэ үйл хэрэгт НҮБ–ын оролцоог нэмэгдүүлэх явдал чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн 2004 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Түрк Улсад хийж буй албан ёсны айлчлал нь эртнээс улбаатай, ижил төстэй соёл, зан заншил, түүхийн үнэт зүйлсийг хуваалцаж байдаг хоёр улсын ард түмний бие биеэ тэтгэдэг халуун дотно, ах дүүсэг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

2004 оны 4 дүгээр сарын 29, Анкара хот

Монгол Улсыг төлөөлж            Бүгд Найрамдах Түрк Улсыг төлөөлж
Монгол Улсын Ерөнхийлөгч             Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхийлөгч
Нацагийн Багабанди             Ахмет Нэждит Сэзэр

Зар сурталчилгаа