ЦАХИМ ВИЗ ОЛГОДОГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын дэд захирал Я.Ариунболд тэргүүтэй яам, зарим газрын төлөөлөгчид 2015 оны 6 дугаар сарын 3-5-нд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, мэдээллийн технологийг ашиглах, түүний дотор цахим виз олгох үйл ажиллагаатай танилцав.

Туркийн ГХЯ-ны Мэдээллийн технологийн газрын захирал Халдун Коч, тус яамны Архивын газрын захирал Невзат Уяанык нар манай төлөөлөгчдийг хүлээн авч, тус улсад цахим виз, цахим архив, төрийн онлайн үйлчилгээг нэвтрүүлж, кибер аюулгүй байдлыг хангаж буй талаар ярьж танилцуулав.

Манай төлөөлөгчид Туркийн ГХЯ-ны мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, цахим визийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тухай мэдээлээд цахим үйлчилгээг хэрэглэж буй Туркийн туршлагыг Монголд ашиглах нөхцөл, боломжийн талаар зөвлөлдөв.

Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн төслийг Туркийн тал манай төлөөлөгчдөд гардуулж, энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Манай төлөөлөгчид мөн Туркийн Тээвэр, тэнгисийн асуудал, харилцаа холбооны яаманд зочилж, кибер аюулгүй байдлыг хангах ажлын арга барилтай танилцан, энэ чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаа эхлүүлэх талаар ярилцав.

Уулзалт ярилцлагад Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцов.

Зар сурталчилгаа